Таньд энэ өдрийн мэндийг хүргэе.
Зах зээл, нийгмийн хөгжил, хэрэглэгчийн хэрэглээ, хэрэгцээний шаардлага зэргээс үүдэн маркетингийн чиг хандлага байнгын өөрчлөгддөг ба эдгээрийг компанийн бодлого, маркетинг харилцаандаа тусгах нь зайлшгүй чухал.
Тэгвэл, эдгээр чиг хандлагыг тодорхойлсон, маркетингийн гүрү буюу концепцийг тодорхойлогчдийн нэг болох Филип Котлер (Philip Kotler)-н Маркетинг 1.0, 2.0, ба 3.0-н ойлголтыг товчлон танилцуулъя.
МАРКЕТИНГ 1.0: Бүтээгдэхүүн төвтэй маркетинг
Аж үйлдвэрийн хувьсгалын дараагаас бүтээгдэхүүн нь зарах борлуулах зорилгоор хийгдэж эхэлжээ. Компаниуд нь бүтээгдэхүүнийг их бөгөөд байнга байлгахыг хэрэглэгчид хүсдэг гэсэн ойлголттой байсан тул олноор нь үйлдвэрлэж, бага үнээр зарж борлуулахыг зорьдог байж. Иймээс ч маркетинг харилцааны гол агуулга нь бүтээгдэхүүний функционал үзүүлэлт дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, Маркетинг 1.0 гэдэг нь бүтээгдэхүүнийг онцолсон, хэрэглэгчийн оюун ухаан буюу mind-д тулгуурласан маркетинг байна.
МАРКЕТИНГ 2.0: Хэрэглэгч төвтэй маркетинг
Ноён Котлерийн тодорхойлсноор, зарим компаниуд нь бүтээгдэхүүнээ зөвхөн массаар нь үйлдвэрлэхээс гадна, “хэнд зарж борлуулж буйгаа мэдэхийг хүсч эхэлжээ.” Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарах бус, дата мэдээлэл, ажиглалт зэрэг дээр тулгуурлан хэрэглэгчдээ ойлгохыг хичээх болсон байна. Хэрэглэгчдээ оюун ухаан, зүрх сэтгэл бүхий ухаалаг хэрэглэгчид хэмээн үзэж, тэдэнтэй ойрхон байж нэг бүрчлэн харьцаж, сэтгэл ханамжтай байлгаж хадгалах нь Маркетинг 2.0-н зорилго аж.
МАРКЕТИНГ 3.0: Үнэ цэнэд суурилсан маркетинг
Хэрэглэгч гэдэг нь оюун ухаан, зүрх сэтгэлээс гадна өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй цогц хүн гэдгийг Маркетинг 3.0 онлцолсон. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж буй компанийн алсын хараа, үнэт зүйлс юу болох, тэдний худалдан авалт илүү том, илүү сайн сайхан өөрчлөлтийг авчирч, нийгэмд эерэгээр нөлөөлж байна уу зэргийг хэрэглэгчид бодолцох болсон байна. Энэхүү чиг хандлагыг бий болгоход сошиал медиа түлхүүр хүчин зүйл болсон ба тиймээс ч олонхийн хамтын ажиллагаа нь Маркетинг 3.0-н харилцааны хэлбэр байна. “Бид ч гэсэн санаа тавьж байгаа… Бид та бүхний амьдарч буй дэлхий ертөнцийг ойлгож байгаа ба өөрчлөлтийг хийж, илүү сайн сайхан ертөнц бий болгохыг хичээж байна” гэсэн агуулга илэрхийлэхийг ноён Котлер дурьдлаа.
Ямар ч компани эдгээр үе шатыг алгасахгүй, 3.0-д хүрэхийн тулд бүх шатаар дамжих ёстой, дамжихаас ч өөр замгүй болохыг ноён Котлер онцолсон.
Таньд амжилт хүсье.■
Эх үүсвэр:
-
Kotler, Ph. et.al. (2010). Marketing 3.0: From Products to Customers to the Human Spirit. New Jersey: John Wiley & Sons, Inc.
- https://www.youtube.com/watch?v=u677XwSimes