Нийгэм, улс төр, эдийн засаг (PESTLE) зэрэг гадаад орчны нөхцөл байдал нь тухайн байгууллагад хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох нь стратеги төлөвлөлтийн нэгэн чухал хэсэг байдаг.
Хэдхэн хоногийн өмнө болсон АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуулиар Доналд Ж. Трамп ялсан нь АНУ төдийгүй олон улсын харилцаа, эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах, нөлөөлөх хүлээлтийг үүсгэлээ. Үүнтэй уялдуулан, Харвардын (www.hbr.org)-н вебсайт нь стратеги дээр анхаарвал зохих таван зүйлсийг санал болгон, “The World Just Got Uncertain and Your Strategy Needs to Adjust” хэмээх нийтлэлийг нийтэлсэн байна.
Тухайн орны судлаачид улс төрийн орчны нөлөөллийг хэрхэн сэтгэж, хүлээж авч буйг сонирхуулах, санаа авахуулах зорилгоор энэхүү нийтлэлийг утгачлан орчуулж, та бүхэндээ хүргэе.
Тодорхойгүй байдалд тохируулан стратегиа нийцүүлэх нь
“Трамп нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хувь хүн, корпорацын татварыг бууруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, Ерөнхийлөгч Обамагийн гаргасан эрүүл мэндийн Актыг цуцлах, цагаачлалыг чангатгах, хуулийн хэрэгжилтийг бэхжүүлэх, олон улсын худалдаа, арилжааны бодлого дээр хатуу байр суурийг баримтлах зэрэг бодлогыг илэрхийлж байсан ба энэ нь цаашид баримтлах чигийг тодорхой болгосон. Энэ чигийн дагуу, татвар, худалдаа арилжаа, хэрэгцээ, ажил эрхлэлт, ажлын шилжилт хөдөлгөөн зэрэгт хэрхэн нөлөөлөхийг тааварлахад дөхөмтэй байж болох хэдий ч олон зүйл тодорхойгүй хэвэндээ байна. Жишээлбэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр засгийн газар ямар байр суурьтай байх, Обамагийн Актыг хэрхэн цуцлах, худалдаа арилжаа болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нарийвчилсан арга хэмжээнүүд нь юу байх зэрэг асуудлууд тодорхойгүй хэвэндээ байна.
Ганц тодорхой зүйл нь улс төр, макро эдийн засаг болон бизнесийн орчин нь АНУ-н зах зээл төдийгүй, олон улсын түвшинд нэг хэсэгтээ тодорхой бус байх нь ойлгомжтой боллоо. Урьдчилсан таамаглал буруу байх, технологийн хөгжлийг даган, бидний мэдэх уламжлалт ойлголт өөрчлөгдөх магадлалтай байхыг бид харлаа. Бодлогын нөлөөлөл нь эдийн засгийн салбар, компанийн бүрийн хувьд шинж чанар, хир хэмжээ, хурдаараа маш өөр өөр байх хандлагатай боллоо.
Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд компаниуд нь тодорхойгүй нөхцөл байдлын үеэр дараах таван аргаар стратеги дээрээ илүү боловсронгуй болох хэрэгтэй.
[1.] Гадаад орчинтойгоо стратегиа уялдуулах
Бизнесүүд нь үйл ажиллагаагаа явуулж буй орчныхоо хир таамагладахуйц, өөрчлөгдөхүйц зэрэг байдалтай уялуудан стратеги болон хэрэгжилтээ тодорхойлохдоо зөв аргачлалыг сонгох хэрэгтэй. Дараах бүх аргуудыг танай компани хэрэгжүүлэх боломжтой эсэхийг бодолцоорой.
- Классик загварыг баримтлах /Classical/. Энэ нь уламжлалт аргачлал буюу дүн шинжилгээ, төлөвлөлт, гүйцэтгэлийг нэгээс таван жилийн төлөвлөгөөгөөр хийх.
- Зохицох /Adaptive/. Таамаглашгүй орчин нөхцөл ихэсч буй тул бизнесүүд нь зорилготой туршилтуудыг хийн, ирээдүйг зорих.
- Алсын хараатай байх /Visionary/. Шинэхэн бий болсон, эсхүл эрс шинэчлэгдэж буй зах зээл гэх мэт өөрчлөгдөж болохуйц орчинд шинэ боломжуудыг төсөөлөн, хэрэгжүүлэх.
- Уялдуулах /Shaping/. Өөрчлөгдөж болохуйц, тодорхойгүй орчинд бизнесүүд нь платформ суурьтай бизнес моделийг хэрэглэн, компанийнхаа бүх экосистемийн үйл ажиллагааг нарийн зохион байгуулж, уялдуулах.
- Шинэчлэх /Renewal/. Хэрэгцээ шаардлага, нийлүүлэлтийн цочрол, эрх зүйн өөрчлөлт зэргээс нөхцөл байдлаас үүдэн оршин тогтнох чадавхид аюул заналхийлэл нүүрлэвэл шийдэмгийгээр бизнесийнхээ моделийг өөрчлөх.
[2.] Тодорхойгүй орчинд хэрэг болох ур чадвар, чадавхийг бий болгон, бэхжүүлэх
Дасан зохицох, бизнесийн орчинг уялдуулах, тал бүрийн чадвар чадавхитай байх нь том компаниудын хувьд ихэвчлэн дутуу хөгжсөн байдаг. Гэвч эдгээр нь чухал шаардлагатай болно. Тиймээс, тодорхойгүй орчинд ялахын тулд зөвхөн хамгаалах аргаар бус компаниуд нь бизнесийг давших, бүтээх замаар хийх нь зүйтэй ба үүний тулд дээр дурьдагдсан чадвар, чадавхи нь шаардлагатай болно.
[3.] Эдийн засгийн болон улс төрийн IQ-гээ сайжруулах
Компаниуд нь бизнест хамааралтай улс төрийн болон макро эдийн засгийн паттерн буюу төлөв, шинж чанарыг шинжих, тайлах, орчуулах хэрэгтэй. Бид макро нөлөөлүүд нь өрсөлдөөний болон үйл ажиллагааны чиг хандлагыг амархан өөрчилж болохуйц эрин үед амьдарч байна. Жишээлбэл, худалдаа арилжааны талаар эзлэх байр суурь тодорхойгүй, хүүгийн хэмжээг багасгах зэрэг нөхцөл байдлууд нь зардлыг бууруулах, эсхүл маркетинг ихэсгэх зэргээс илүү их нөлөөтэй байх хандлагатай болж байна.
[4.] Уян хатан, хөрвөх чадварт хөрөнгө оруулалт хийх
Бид зөвхөн оршин тогтнохын тулд бус харин шинээр гарч ирэх боломжуудыг илрүүлж, олж авахын тулд энэхүү тодорхойгүй байдлын үед бэлэн байх хэрэгтэй. Удаан хугацаанд оршин тогтнох чадвартай бие организм, эдийн засаг, компаниуд гэх мэт цогц, динамик системүүд нь уламжлалт аргачлалтай зөрөлдөж буй мэт дараах зургаан зарчмын шинж чанарыг агуулсан байдаг. Эдгээр системүүд нь:
- Нөөц хувилбартай байдаг ба энэ нь гэнэтийн үйл явдлуудаас хамгаалдаг /Redundancy/.
- Холимог байдаг ба энэ нь олон хувилбараар бодох, хийх, түүнчлэн суралцах боломжийг олгодог /Diversity/.
- Компанийн нэг хэсэг нь асуудалтай байх нь нөгөө хэсэгтээ нөлөөлөхгүй байх тогтолцоог үүсгэн, ингэснээр зөвхөн асуудлыг шийдээд зогсохгүй шинэлэг санааг гаргах, хөрвөх чадварыг бий болгосон байдаг /Modularity/.
- Өөрчлөлттэй тулгарахад түүнээс суралцан, холимог чанар дээрээ тулгуурлан хувьсан өөрчлөгддөг /Adaptation/.
- “Хэрэв … тохиолдол гарахад яах вэ?” асуултыг тавин хэрсүү байхын зэрэгцээ санаанд оромгүй нээлтийг хийдэг /Prudence/.
- Компаниуд нь эдийн засаг, нийгэм, улс төрийн системд шигтгэн суурьшигдсан тул нийгмийн зүгээс хориг цээр, тусгаарлалд өртөхгүйн тулд тэд харилцан итгэлцэл, эргэх холбоог үүсгэн, эдгээр давхрагуудын хооронд эв нэгдэл бүхий харилцааг үүсгэх хэрэгтэй /Embeddedness/.
Эдгээр зарчмууд нь өдөр тутмын менежментийн бодлоготой зөрчилтэй тул хэрэгжүүлэхэд хэцүү байх магадлалтай. Хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэх богино хугацааны логик нь корпорацийн урт хугацааны оршин тогнох, цэцэглэн хөгжих системтэй бодлогод харш тусч болох юм.
[5.] Зорилгыг дахин бодолцох
Эдийн засаг, нийгэм, улс төрийн системийн нэгэн хэсэг болохоо үүнд бодолцох хэрэгтэй. Брэксит /Brexit/, АНУ-н сонгууль гэх мэт санаанд оромгүй үйл явдлууд нь улс төрийн туйлшрал, эдийн засгийн тэгш бус байдалтай шууд холбоотой. Ард түмэн, иргэдийн нилээн хувь нь бизнесийн удирдагч нарыг энэ байдалд хүргэсэн, итгэлгүй элитүүдийн хэмээн үзэж байна. Энэ чиг хандлага нь бизнесийн удирдлагуудын хувьд бизнестээ болон нийгэмд нөлөөлөх нөлөөллийг бууруулж байна. Тиймээс, удирдагч нар нь ялангуяа энэ үед, урьд урьдийнхаасаа илүүтэйгээр нийгмийн итгэлийн даахын төлөө зүтгэх, үйл ажиллагаа явуулах нийгмийн лиценз буюу итгэлийг нь хадгалах хэрэгтэй болж байна. Үүний тулд тэд өөрсдийн онцлог шинж чанар болон нийгмийн хэрэгцээг холбосон нийгмийн зорилгоо сэргээн, илүү тодорхой болгох хэрэгтэй. Эдийн засгийн болон нийгмийн хурцадмал байдлыг багасгахын тулд бизнесийн удирдагч нар нь энтрепренерийн орчин, экосистемийг бүрдүүлэхээс өгсүүлэн технологийг хариуцлагатайгаар ашиглах, хүний нөөц, ажлын бүтээмжийг дээшлүүлэх эдгээр долоон арга алхамуудыг хийх хэрэгтэй.
Тогтвортой байдалд дассан менежерүүд нь тодорхойгүй нөхцөлд тохируулан, ирж буй долоо хоног, сарууддаа стратегиа сайжруулах хэрэгтэй боллоо. Ингэж чадсан удирдлагч нар маргааш нь болохоос зүйлээс үл хамааран, урт хугацаандаа амжилттай байх болно.”
Эх сурвалж: The World Just Got More Uncertain and Your Strategy Needs to Adjust. Вебсайт www.hbr.org.