Амазон компани нь Энэтхэг улсын зах зээл, хууль эрх зүйн орчинтой уялдуулан бизнесийн шинэ моделийг нэвтрүүлж, тухайн зах зээлд хэрхэн амжилттай ажиллаж байгаа талаар энэхүү артикль бичжээ.
“Энэтхэг улс нь бараа таваараар хомсдохооргүй боловч борлуулалтынхны хувьд жижиг. Гурван жилийн өмнө, интернэт худалдаа нь хэт түвэгтэй, цаг авдаг хэмээх ойлголтоос үүдэн цөөхөн хэдэн жижиглэнгийн худалдаачид бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалдаг байв. Үүний зэрэгцээ, Энэтхэгийн бэлэн мөнгөний эдийн засаг нь онлайн гүйлгээг боломжгүй болгож байв.”
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд, Амазон компани нь жижиг бизнесүүдтэй харилцаа үүсгэх, интернэт худалдааны талаар таницлуулж сургах зорилгоор 2013 оноос хойш хэд хэдэн санаачлагыг системтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн, АНУ дахь төвлөрсөн түгээлтийн платформ (FBA) дээрээ суурилан, өдгөө 20 гаран агуулахыг Энэтхэг улсад бий болгожээ.
“Компани нь энэхүү платформоо Энэтхэгийн зах зээлд нутагшуулан, Easy Ship, Seller Flex үйлчилгээг нэвтрүүлэв. [Easy Ship] нь савласан бүтээгдэхүүнийг борлуулагчаас аван, хэрэглэгчид хүргэж өгдөг бол [Seller Flex]-н хувьд борлуулагчид нь Amazon.in-д борлогдох бүтээгдэхүүнд зориулан өөрсдийнхөө агуулахад зай гарган, Амазон нь түгээлтийн логистикийг хариуцдаг байна. Энэхүү ‘хөршийн’ аргачлал нь борлуулагчид хялбар дөхөмтэй болгон, Амазоны хувьд бүтээгдэхүүний түгээлтийг түргэсгэсэн байна.” Үүний зэрэгцээ, тухайн улсын томоохон түргэлтийн үйлчилгээний бизнесүүдтэй гэрээлэн ажиллаж байгаа ба 2015 онд өөрсдийн түгээлийн охин компаниа байгуулсан байна.
Амазоныг ийнхүү Энэтхэг улсын зах зээлд, ялангуяа орон нутгийн зэх зээлд нэвтэрч эхлэхэд тухайн орон нутгийн жижиглэнгийн худалдаачид өөрсдийг нь бизнесгүй болгоно хэмээн эмээж байв. Харин, “Амазон нь эдгээр жижиглэнгийнхнийг түгээлтийн платформдоо түншлэлээр нэгтгэн оруулжээ. Интернэтэд нэвтрэх боломжтой жижиг тосгоныхон тухайн газрынхаа дэлгүүрт очин, эзнийх нь интернэт холболтыг ашиглан, Amazon.in-с бүтээгдэхүүнээ хайн, сонгох боломжтой болсон байна. Дэлгүүрийн эзэд нь тэдний захиалгыг тэмдэглэн авч, захиалагчдийн бараа дэлгүүрт нь ирэхэд тэдэнд мэдэгдэн, төлбөрийг нь авч, өөрсдийн үйлчилгээний зардлаа хасан Амазонд мөнгийг нь шилжүүлдэг аж. Энэ арга нь зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг эдийн засгийн орчинг нэн тохиромжтойгоор шийдэж өгсөн ба дэлгүүрийн эздийн хувьд худалдан авалтыг нь нэмэгдүүлжээ.”
Ийнхүү, Энэтхэг улсад онлайн худалдааг өргөжүүлэхийн тул Амазон компани нь өөрийн эко-системээ хөгжүүлэн, тулгарч буй асуудлуудыг оновчтой, санаачлагатайгаар шийдвэрлэн, “2020 он гэхэд гурав дахин өргөжих” онлайн худалдааны зах зээл дээр амжилтттайгаар ‘тоглож’ байна.
—
Эх үүсвэр: https://hbr.org/2016/07/how-amazon-adapted-its-business-model-to-india