Монголын зах зээлд энтрепренер (entrepreneur), старт-ап (start-up) гэдэг ойлголтууд хэдий шинэлэг хэвэндээ байгаа ч, эдгээр ухагдахуунуудыг зах зээл эрчтэй хүлээн аван, тэр дундаа залуу үеийнхэн маань нилээн дэвшингүй байгаа ажиглагддаг. Шинийг бүтээхээр зорин, өөрийн сэтгэл зүрх, оюун ухаан, эрч хүч, байгаа бүхнээ л дайчлан ажиллахаар сэтгэл шулуудсан хэн бүхнийг битгий бууж өгөөсэй, хүч чадлаараа (үүнд, зөвхөн бие тэнхээ бус сэтгэлийн тэнхээгээрээ) ажиллан, энэхүү энтрепренер гэх том давааг амжилттай туулан, зах зээлийг дараагийн түвшинд хүргэх бизнесүүдийг босгоосой гэж үргэлж хүсдэг билээ.

Үүнтэй уялдуулан, “Энтрепренерүүдийн (огт) бууж өгч болохгүй дөрвөн үе шат” хэмээх энэхүү артикльд энтрепренерүүдийн даван туулдаг дөрвөн үе шат ба тэдгээрийг хэрхэн туулах талаар их сонирхолтой бичсэн байгааг та бүхэнтэй хуваалцъя. Артиклийг гол утга санаагаар нь орчуулснаар хүлээн авна уу.

I ҮЕ ШАТ: Санаа төрөх.

Энэ үе шатанд, тухайн энтрепренерт санаа төрөх, тэрхүү санаа нь нэгтэйгүүр маш зөв, өндөр амжилт авчрах санаа мэт санагдах боловч нөгөөтэйгүүр хэн нэг нь таны санааг аль хэдийний гаргачихсан, амжилттай хэрэгжиж чадаагүйг нь та олж мэдэх, эсхүл хөрөнгө оруулагчид санааг тань дэмжихгүй байх гэх мэт олон олон шалгууруудыг давдаг. Үнэндээ, энэ үе маш хэцүү ба хичнээн мундаг, сэтгэл санааны бэлтгэлтэй, өндөр чадвартай хүнийг ч мохоодог, бууж өгөхөд хүргэдэг.

Тэгэхээр энэ үе шатыг туулахыг тулд санаа гэдэг бол гүйцэтгэлээс хамаарахыг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, санааныхаа агуулга, загварын чанараас шалтгаалан амжилттай эсхүл үгүй гэдэг дээр төвлөрөхөөс илүүтэйгээр, санаагаа хэрэгжүүлж, зах зээлд хүргэх төлөвлөгөөгөө боловсруулахад анхаарлаа хандуулах нь зүйтэй.

II ҮЕ ШАТ: Хэрэгжүүлэх.

Санаагаа хэрэгжүүлээд эхлэх тэр үед зарим нэг нь ажлаа орхин, бүх л хадгаламж, хуримтлалаа цуглуулан цааш үргэлжлүүлэх, эсхүл зарим нэг нь ажлынхаа хажуугаар санаагаа хэрэгжүүлж эхэлдэг. Ямартай ч, энэхүү үе шатанд энтрепренер нь хамаг цаг, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа ч үр дүн харахгүй тул түүний цаг, хүчин чармайлт, золиослол нь эцсийн дүнд амжилт авчрах эсэх дээр эргэлзэж, ганцаардлыг ихэд мэдрэх, эмзэг мэдрэмж төрөх нь элбэг.

Хэрэв таньд тийм мэдрэмж төрж байвал, энэ нь та алдаад, буруу тийш зүглэж байна гэдэгт биш, та зөвхөн хүрэх цэгтээ хүрээгүй л байна, хожмын нэгэн цагт энэ бүх хүчин чармайлт тань хүссэн үр дүнг нь авчрах болно гэдэгт итгэх итгэлээ алдахгүй байхыг анхаарах нь зүйтэй. Тэгэхээр, хүсч буй амжилтыг тань биелэл болгох, байшингийнхаа туйпууг өрж буй мэт суурь ажлуудаа хийх дээр төвлөрөөрэй.

III ҮЕ ШАТ: Эхний хэрэглэгчид тань орж ирлээ. Гэвч, борлуулалт тань хангалтгүй байна.

Энэ үе шатанд олон төрлийн мэдрэмж төрөх магадлалтай. Чухал чухал клиент орж ирж байгаа ч борлуулалт бүх зардлыг нь нөхөхгүй байж болно. Юутай ч, таны санаа бизнесийн концепц болохоо баталж эхлэх ч санхүүгийн хувьд болоогүй, хүссэн үр дүндээ хүрэхэд хол байгаа мэт санагдана.

Энэ үед анхаарах хэрэгтэй хамгийн чухал зүйл бол та өөрийнхөө санаа, өөр өөртрөө итгэх итгэлээ алдахгүй байх юм. “Би зөвхөн хэдэн хэрэглэгч олов уу, эсхүл жинхэнэ бизнес болох санааг гаргав уу” гэдэг дээр эргэлзэж байж болно. Үнэндээ, үүний хариуг та нэг хэсэгтээ мэдэхгүй ч байж магад, гэхдээ энэ нь бүх л старт-апуудын асуулт байдаг. Энтрепренерүүдийн хувьд, эхний жилүүдэд хонгилын үзүүрт гэрэл харагдахгүйгүйгээр явах тун элбэг.

Тэгэхээр энэ үе шатыг давахын тулд юуг анхаарах нь зүйтэй вэ? Шинэ хэрэглэгч хайхаа үргэлжлүүлэхийн сацуу, маш чухал зүйл бол, таны хамаг амьдрал шалтгаалж байгаа мэт өнөөгийн хэрэглэгчиддээ үйлчлэх юм (яг үнэндээ, таны амьдрал өнөөгийн хэрэглэгчдээс тань шууд хамааралтай шүү дээ). Verizon-ийн Жижиг бизнесийн хандлага хэмээх 2014 оны судалгаанаас үзэхэд, жижиг бизнесийн хэрэглэгчдийн 85% нь ам дамжсан ярианаас орж ирдэг байна. Тиймээс, эхний хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгахаар хийж буй бүх хүчин чармайлтууд тань таны ирээдүйн урамшуулалыг тодорхойлох юм.

IV ҮЕ ШАТ: Хэт их ажилтай, хангалттай нөөцгүй.

Та энэ шатанд хүрсэн бол сайн байна, “бууж өгөхгүй” байхын эцсийн шатанд хүрсэн байна. Гэхдээ тэмдэглэхээ түр хойшлуулаарай. Энэ шат бол үнэндээ сэтгэл зүй болон бие махбодийн хувьд хамгийн хэцүү, шалгуур бүхий үе шат байдаг. Учир нь, та өдөр шөнөгүй ажиллаж байна. Хэдий олон хэрэглэгчтэй болж, тогтвортой ажиллахуйц мөнгө орж ирж байгаа ч, та өөрийнхөө ачааллаас бууруулж, нэмэлт хүч (ажилтан) авах санхүүгийн чадамж буюу тогвтортой орлогоос хол хэвэндээ байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх зэрэг зарим шаардлагатай функц дээр хүн авч ажиллуулж байж болох ч, үлдсэн үүрэг хариуцлага дээр тулаад ирэхэд та ганц хүний “хамтлаг” хэвэндээ байна. Хэрэглэгчид тань хангалттай түвшинд хүртлээ та өөрөө зүтгэх ба санхүү, борлуулалтаас өгсүүлээд, маркетинг, хүний нөөц, оффис менежмент зэрэг чухал ролиудыг тэр болтол та өөрөө хариуцана. Бодитоор харахад энэ нь удаан хэмтэй үргэлжлэх магадлалтай ба таны төсөөлснөөс ч удаан байх магадлалтай.

Хэрэв та энэ үедээ ирсэн бол шулуухандаа хэлэхэд, та хугарах (бууж өгөх) цэгтээ тулчихсан, эндээ нэг хэсэгтээ л байх магадлалтай. Цөөн цаг унтаж амрах, хийх ажил ихтэй боловч цөөхөн цагтай байдаг энэ мөч, өдрүүдийг тэгвэл хэрхэн даван туулах гэж? Бодит үнэн бол, та хамаг л сэтгэл санаа, бие тэнхээ, бүхий л хүчиндээ тулгуурлан, энэ хугацаанд аль болох удаан тэсч үлдэх юм. Churchill-н хэлснээр, “Бид хамгийн сайнаараа хийх хангалтгүй. Заримдаа, бид шаардлагатай зүйлийг хийх хэрэгтэй” гэдгийг санах хэрэгтэй.

Тэгэхээр, энэнээс хойших бартаагүй байна гэж үү?

Хэрэв таньд дээрх үе шатууд танил бөгөөд та эдгээрийг туулан гарч ирсэн бол өөр өөртөө баяр хүргээрэй. Яагаад гэвэл та үнэндээ том даваануудыг туулан гарч ирсэн байна. Үүнийг хэлэхийн зэрэгцээ, энүүгээр цааших амьдрал хөнгөрнө гэсэн утга биш шүү. Бизнес амар биш, үргэлж хэцүү даваанууд гарч ирэх ба олон нь маш таагүй байх магадлалтай.

Хэдий олон бэрхшээлүүд нь “эдгээрийг туулах тийм ч чухал гэж үү” гэх бодлыг төрүүлэх ч, энэ дөрвөн шатыг туулаад ирсэн энтрепренерүүдийн хувьд бэрхшээлүүдийг туулаад гарах нь юутай ч зүйрлэшгүй чухал шийдвэр байсныг хэлдэг. Та байлдааны олон сорвитой үлдсэн ч, тэдний ачаар та өмнөхөөсөө илүү чанга, хүчтэй болсон байгаа.

Энтрепренерүүдийн хувьд санааныхаа мухарт үргэлж хадгалах ёстой чухал бодол бол бизнесийн ямарч мөчлөгт амжилттай байх нь үргэлж санаснаас тань хэцүү байх ба та хугарах/бууж өгөх цэгтээ хүрсэн мэт санагдвал, тэр л үедээ хамгийн шургуу, сайн ажиллах нь чухал болохыг санах хэрэгтэй. 19-р зууны зохиогч, философич Hubbard-н хэлснээр, “Өшөө жаахан цөхрөлтгүй оролдлого, өшөө жаахан хүчин чармайлттайгаар, ямар ч найдваргүй амжилгүйтэл гайхамшигтай амжилт болох магадлалтай.”

 

Эх сурвалж: https://www.entrepreneur.com/article/278234